card

ЁС ЗҮЙ

БОДЛОГО

“Асартайн Говь” ХХК-ийн нийт ажилтнууд компанийн үнэт зүйлс, баримтлах зарчмыг алхам тутамдаа дээдлэн компанийн нэр хүнд, эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, өндөр ёс суртахууны хэм хэмжээнд биеэ авч явах, мэргэжил, ур чадвараа дайчлан, хууль тогтоомж, дотоод журам, заавар болон энэхүү дүрмийг мөрдөж, бие биенээ хүндэтгэн, хариуцлагатай, ёс зүйтэй, үнэнч шударгаар ажиллана.

ЗОРИЛГО

“Асартайн Говь” ХХК  нийт ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлах үнэт зүйлс, зарчим, ёс зүйн дүрэм, хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, даган мөрдүүлэх болон тэдгээртэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах.

НЭР ТОМЬЁО

Ажилтан - Ажил олгогчтой ямарваа нэгэн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн;

Ялгаварлан гадуурхалт - Дараах үндэслэлүүдээр ямар нэг хүнийг ялгаварлан гадуурхахыг ойлгоно: нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдал, ХДХВ/ДОХ-ын статус, жирэмсэн эсэх, бэлгийн чиг хандлага, нийгэмд эзлэх байр суурь, эцэг эхийн статус, гэрлэлтийн байдал, намын харьяалал, улс төрийн үзэл бодол, албан тушаал, эрх мэдэл г.м.

Хүчирхийлэл – Хүч, эрх мэдлээр давамгайлж, бусдын дургүйцлийг хүргэх, дарамтлах, доромжлох, айлган сүрдүүлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж буй бүх тааламжгүй үйлдэл;

Бэлгийн дарамт - Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, уриалан дуудах, санал болгох, өдөх, эсхүл бэлгийн харилцаанд орохоос аргагүй байдалд оруулах, бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох, үр дагавар бүхий тэвчишгүй орчинг үүсгэх, айлган сүрдүүлэх, албадан тулган шаардах байдлаар нэр төр, эрх чөлөө, хувийн халдашгүй байдалд халдах үйлдэл;

Нэр төрийг гутаан доромжлох - Бусдыг үзэн ядах, атаархах, өсөрхөх байдлаар нэр төрд нь халдах, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр доромжлох, худал мэдээлэл тараахыг ойлгоно.


НЭГ. ЖУРМЫН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ

1.1. Компанийн нийт ажилтан

1.2. Гэрээт ажилтан

1.3. Харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд

ХОЁР. ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧИМ

2.1. Эрхэм зорилго: “Аюулгүй ажиллагааны өндөр стандартыг ханган ажиллаж, нийгмийн хариуцлагыг гүнээ ухамсарласан,  ажилчид, харилцагч байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хөгжлийн төлөөх ажи хэрэгч бүтээн байгуулагч байна.”

2.2. Үнэт зүйлс:

- Аюулгүй ажиллагаа

- Мэргэшсэн өндөр чадавхи

- Санал санаачилга.

- Үнэнч шударга зарчим.

- Монгол Улсын хууль, журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг.

2.3. Баримтлах зарчмууд:

- Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна;

- Бид ажилтан бүрт хөгжиж, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо  олгоно. Ажилтны өсөж хөгжих, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна;

- Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална;

- Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, хэлсэн үгэндээ эзэн байж, үүрэг хариуцлагаас зайлсхийлгүй, итгэл найдвар хүлээж ажиллана;

ГУРАВ. АЖИЛЛАГСАДЫН ХАРИЛЦАА

3.1. КОМПАНИ:

3.1.1. Хүн бүрийн эрх ашгийг эрхэмлэсэн, найрсаг хүндэтгэлтэй харилцааг бий болгох, ажилтан бүрт эрх тэгш хандах, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дээрэлхэн сүрдүүлэлт, гүтгэлэгээс ангид, аюулгүй байдалд ажиллах орчныг бүрдүүлнэ.

3.2. АЖИЛТАН:

3.2.1. Үндэс угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ялгаварлан гадуурхах, нэр төрийг гутаан доромжлох, дээрэлхэн сүрдүүлэх, гүтгэхээс ангид байх;

3.2.2. Хэл амаар доромжлох, заналхийлэх, доог тохуу хийх, үйл хөдлөлөөр тохуурхах зэргээр ажил үүргээ хэвийн явуулахад саад тотгор, аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх;

3.2.3. Бүдүүлэг зан авир гаргах, бусадтай зүй бусаар харьцах болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх;

3.2.4. Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй, худалдан борлуулахгүй байх;

3.2.5. Ажил хэрэгч бус этгээд байдлаар хувцаслахгүй байх;

3.2.6. Ажлын байранд галт зэвсэг, хутга мэс авчрахгүй байх;

3.2.7. Аливаа хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;

3.2.8. Бодит бус мэдээлэлд автахгүй байх;

3.2.9. Албан тушаал, эрх мэдлийн хэмжээгээр бусдыг ялгаварлахгүй байх;

ДӨРӨВ.  КОМПАНИЙН ХӨРӨНГӨ

4.1. Компанийн өмч, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах;

4.2. Компанийн өмч хөрөнгө болон бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч ашиглах, эвдэн сүйтгэх, устгах, худалдан борлуулахгүй байх

4.3. Ажилтан нь компанийн хөрөнгийг өөрийн эрх ашгийн төлөө эсхүл санхүүгийн ашиг олох зорилгоор ашиглахгүй байх;

ТАВ. ХАРИЛЦАГЧ, БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ, ӨРСӨЛДӨГЧ НАРТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА

5.1. Харилцагчдад ижил тэгш боломж, бололцоо олгох;

5.2. Харилцагчийн бизнесийн нууцыг бусдад задруулахгүй байх;

5.3. Худалдан авалт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг холбогдох журам, зааврын хүрээнд шударга байх зарчмыг баримтлан явуулах;

5.4. Өрсөлдөгчийн эсрэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх;

5.5. Өрсөлдөгчийн талаарх мэдээллийг хууль бус арга замаар олж авахгүй байх;

5.6. Харилцагч нартаа өөрийн өрсөлдөгч байгууллагуудад шударга бусаар хандахыг зааварлахгүй байх;

5.7. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх;

ЗУРГАА.  АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬГҮЙ, ХУУЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ

6.1. Бизнесийн харилцаагаа өргөжүүлэхээр аль нэг ажилтан нь бэлэг дурсгал өгөх эсвэл хүлээн авах тохиолдол байж болох бөгөөд бэлэг дурсгал хүлээн авах, өгөх үйл ажиллагаа нь компанийн эрх ашгийн төлөө байх;

6.2. Компанийн эрх ашигт үл нийцсэн хээл хахууль, авлига, өндөр үнэтэй бэлэг, үйлчилгээ, шагнал авахгүй байх;

6.3. Төрийн албан хаагчдад нөлөөлөх зорилгоор авлига, өндөр үнэтэй бэлэг, шагнал өгөхгүй байх;

6.4. Компанийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байх;

6.5. Компанийн аль ч түвшний ажилтан хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зөрчихийг шаардахгүй байх;

6.6. Ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор бусад ажилтан болон гуравдагч талаас хахууль авах зорилгоор тэдэнд хууль бус үйлдэл хийх дарамт шахалт үзүүлэхгүй байх;

ДОЛОО. ТАЙЛАН, МЭДЭЭ

7.1. Нийт ажилтнууд нь санхүүгийн үйл ажиллагааны стандартыг чанд сахин хариуцлагатай ажиллах бөгөөд баримт бүрдүүлэхдээ ямагт үнэнч, шударга хандана.

7.2. Компанийн санхүүгийн тайлан, мэдээ болон бусад мэдээ, мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв, тодорхой, бодитой гаргах ба санаатайгаар хуурамчаар үйлдэж, хувийн зорилгоор ашиглахгүй байх;

7.3. Ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;

НАЙМ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧИН

8.1. Бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, стандартаар тогтоосон хэм хэмжээг хангаж ажиллах;

8.2. Бүтээгдэхүүний талаар хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авч холбогдох арга хэмжээг авч ажиллах;

8.3. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг чанд мөрдөн ажиллах;

8.4. Өөрийгөө болон бусдыг хөдөлмөрийн аюултай байдалд санаатайгаар оруулахгүй байх;

8.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлийг нэн даруй холбогдох ажилтанд мэдээлэх;

8.6. Ажлын байран дахь аливаа эрүүл мэндийн холбогдолтой өвдөлт, зовиурыг холбогдох ажилтнуудад мэдээлэх;

8.7. Байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж, орчин үеийн стандартад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллах.

ЕС. ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛЭХ

9.1. Ажилтан нь хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн, зөрчигдөж байгааг мэдсэн бол энэ тухай компанийн Ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

9.2. Компани нь зөрчлийн талаарх мэдээллийг тухай бүр хүлээн авах, мэдээлэгчийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.

9.3. Зөрчлийн талаарх мэдээллийг бичгээр, цахим шуудангаар хүргүүлж болох ба ажилтан нэрээ нууцлах зорилгоор нэргүй мэдээллийг компани дээр байршуулсан “Ёс зүйн зөрчил хүлээн авах хайрцаг”-т хийж болно.

9.4. Мэдээлэгчийн хүсэлтээр зөрчлийг шийдвэрлэсэн байдал, авсан арга хэмжээний талаар эрх бүхий албан тушаалтан танилцуулж болно.

АРАВ. ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ

10.1. Компанийн дэргэд энэхүү дүрмийг мөрдүүлэх, зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Гүйцэтгэх захирал эсхүл Хүний нөөцийн ажилтан байна.

10.2. Компани энэхүү журмын хүрээнд өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн ёс зүйн дүрэмтэй байж болно.

10.3. “Асартайн Говь” ХХК-ийн дэргэд Ёс зүйн хороо (цаашид “Хороо” гэх) байх бөгөөд гишүүд Гүйцэтгэх захирал, Захиргаа, хүний нөөцийн ажилтан, ХАБЭАБО –ны ажилтан  нар байна.

10.4. Ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх, үүрэг:

10.4.1. Гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг авах;

10.4.2. Зөрчил гаргасан ажилтнаас тайлбар гаргуулан авах, шаардлагатай тохиолдолд хорооны хуралд оролцуулж нэмэлт тайлбар гаргуулах;

10.4.3. Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох;

10.4.4. Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг шалган сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дүгнэлт гаргах;

10.4.5. “Ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, мөрдүүлэх;

10.4.6. Аливаа нотлогдоогүй баримтыг үндэслэн шийдвэр гаргахгүй байх;

10.5. Компанийн  ёс зүйн зөрчлийг  шийдвэрлэх эрх бүхий  албан тушаалтнууд нь энэхүү дүрмийн хэрэгжилт болон тухайн ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг дараах мэдээлэл, гомдол, үүрэг даалгаврын дагуу судалж, ажлын 5 (тав) өдрийн дотор тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргана:

10.5.1. Ажилтан болон иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу;

10.5.2. Компанийн удирдлага, эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгавар, хүсэлтээр;

10.5.3. Ёс зүйн хорооны гишүүний санаачилгаар;

10.5.4. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр.

10.6. Ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зөрчлийг компани шийдвэрлэж чадаагүй тохиолдолд “Асартайн Говь” ХХК-ийн Ёс зүйн хороонд хүргүүлнэ.

10.7. Хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна.

10.8. Хороо нь ёс зүйн дүрэм, хэм хэмжээ зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоож, ажлын 5 (тав) өдрийн дотор дүгнэлт гаргана. Дүгнэлт нь гишүүдийн гарын үсэг зурснаар баталгаажина.

10.9. Дүгнэлтийг холбогдох компанийн Ерөнхий захиралд танилцуулна.

10.10. Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг санаатай болон санамсаргүй байдлаар нуун дарагдуулах, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.

АРВАН НЭГ.  ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

11.1. Энэхүү дүрмийн хэрэгжилтэд ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хяналт тавьж ажиллана.

11.2. Эрх бүхий албан тушаалтан эсхүл хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн ажилтанд Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

11.3. Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ.

Хүсэлт илгээх